Солонгос улсад Монгол жолооны үнэмлэхээ солиулах заавар

Nyamdulam Badam
4 min readApr 7, 2022

--

(외국 면허를 국내면허로 교환)

Монгол жолооны үнэмлэхээ Солонгост солиулах талаар энэ удаагийн нийтлэлдээ оруулъя. Солисон Солонгос жолооны үнэмлэхээрээ хувийн машин бол шууд унаж болох ч машин түрээслэхээр бол үнэмлэхээ солиулаад 1 жилийн дараагаас машин түрээслэх эрх үүсдэг тул аялахаар машин түрээслэх гэж байгаа хүмүүс байвал эрт сольж байсан нь дээр байх.

Бүрдүүлэх материалууд:

  1. Гадаад пасспорт (хуучин пасспорт байдаг бол авч очих. Хилээр орж гарсан өдөр болон тамга тулгаж харах шаардлага гарвал хэрэгтэй)
  2. Гадаад иргэний үнэмлэх (외국인등록증)
  3. Монгол жолооны үнэмлэх эх хувиараа
  4. Цээж зураг 3.5*4.5 хэмжээтэй 3 хувь — сүүүлийн 6 сар дотор даруулсан байх (Шалгалт өгөх газар зураг дарах хэсэг байдаг ч тиймэрхүү машинууд зураг муу гардаг санагдсан болохоор урьдчилаад бэлдэж очсон нь арай гоё хэх)
  5. Жолооны үнэмлэхээ орчуулж, нотариатаар батлуулах
  • Орчуулга — 10,000 вон (Консулын эсрэг талд ойрхон орчуулгын төв байна лээ)
  • Солонгос дахь Монголын консулын хэлтэс дээр нотариатаар батлуулах — 6,000 (Сөүл дахь Консулын хаяг: 서울 용산구 대사관로34길 41 MG빌딩 2층)

6. Замын цагдаагаас гаргасан жолоочийн лавлагаа орчуулж, нотариатаар батлуулах

  • e-mongolia-с авч болно. Хүчинтэй хугацаа нь 15 хоног тул консул дээр очих өдрөө онлайнаар аваад шууд орчуулганд өгсөн нь дээр санагдсан.
  • Орчуулга — 10,000 вон
  • Солонгос дахь Монголын консулын хэлтэс дээр нотариатаар батлуулах — 6,000 (Сөүл дахь Консулын хаяг: 서울 용산구 대사관로34길 41 MG빌딩 2층)

7. 출입국사실증명서 (Төрсөн өдрөөс одоог хүртэлх) — Хилээр орж гарсан нь үнэн гэсэн тодорхойлолт. Өөрийн гэртэй ойр байдаг 동사무소 주민센터 - с очиж авна. Заавал төрсөн өдрөөс одоог хүртэл байх хэрэгтэй гэдгээ хэлэх. (2000 вон)

Дээрх материалуудаа бэлдээд өөрийн харъяа дүүрэг, хотын 운전면허시험장 буюу жолооны шалгалт авдаг газар очоод материалаа өгнө. Материал бүрэн бол Монгол үнэмлэхээ хураалгаад эрүүл мэндийн үзлэгт орж, бичгийн шалгалт өгнө.

Эрүүл мэндийн үзлэг болон шалгалт:

  1. 신체검사 —Эрүүл мэндийн үзлэг
  • Эрүүл мэндийн асуумж бөглөж хараагаа шалгуулна (6,000 вон)

2. 필기시험 — Бичгийн шалгалт — 10,000 вон

  • Бичгийн шалгалтаа компьютер дээр өгөх бөгөөд нийт 40 тест 40 минутанд бөглөнө. 60-с дээш оноо авч байж тэнцэх ба текстээс бүрдсэн тест, зурган тест, бичлэг үзээд зөв хариуг олох гэх мэт ангилалтай. 10 гаран тест нь 4 хувилбараас 2 зөв хариуг олох ёстой бол бусад нь 4 хувилбараас 1 зөв хариуг олох хэрэгтэй.
  • Шалгалт нь Солонгос, Англи, Хятад, Вьетнам хэл дээр байгаа ч Монголчуудын хувьд Солонгос эсвэл Англи хэл дээр өгч болно.
  • Тэнцээгүй тохиолдолд маргааш нь 10,000 вон тушаагаад дахиад өгч болно. Өдөр бүр очоод өгч болно гэсэн.
  • A-1(외교), A-2(공무), A-3(협정), D-7(주재), D-8(기업투자), D-9(무역경영), E-1(교수), E-3(연구), E-4(기술지도), E-7(특정활동), F-4(재외동포) дээрх визтэй хүмүүс нь бичгийн шалгалтаас чөлөөлөгдөнө.

3. Үнэмлэхээ авах — англиар үнэмлэхээ гаргуулах бол 10,000 вон

  • Бичгийн шалгалтандаа тэнцвэл тэр дор нь үнэмлэхийг нь гаргаж өгнө. Монгол В ангилалын үнэмлэх нь Солонгост “제2종 보통” үнэмлэхээр солигдох бөгөөд үнэмлэх авсан өдрөөс хойш 10 жилийн хүчинтэй.
  • Үнэмлэхээ Англиар гаргуулахыг хүсвэл 10,000 вон нэмж төлөөд дэлхийн 54 оронд жолоо барих боломжтой жолооны үнэмлэх болгон авч болно. (Улсын нэрсийг доорх зурагнаас харна уу)
Ази-5, Номхон далайн орнууд-12, Америк-11, Европ-14, Ойрхи Дорнод-4, Африк-8

Нэмэлт мэдээлэл!!!

  1. Солонгосоос явахдаа Монгол үнэмлэхээ авахаар бол онгоцны билетээ хэвлэж авч очоод сольж авч явах боломжтой гэсэн. Тэр үед Солонгос үнэмлэхээ хураалгах ёстой юм байна лээ.
  2. Бичгийн шалгалтанд бэлдэхдээ доорх аппликэйшнийг татаад Англи юмуу Солонгосоор бэлдэж болно. Нийт 930 тест текст хэлбэрээр, зурган тест, тэмдэглэгээ, бичлэг гээд ангилал нь тус тусдаа байгаа тул өдөрт хэд хэдээр нь бэлдэж байвал хэрэгтэй санагдсан. Миний хувьд цаг амжихгүй тулгаад 100 гаран тест л харж ороод эхний өгөлтөөрөө тэнцсэн хихи. Монголд жолооны шалгалтаа маш сайн бэлдэж авч байсны үр дүн байх гэж бодсон.
“운전면허 PLUS” applilcation

3. Үнэмлэхээ солиулахад шалгалт өгөхөөр бол 4.30-с өмнө очиж байж шалгалтаа өгч үнэмлэхээ авахад цаг нь амжина гэдгийг анхаарна уу.

Нийт зардал: 48,000 вон

  1. Консулын хэлтэсийн нотариат: 12,000
  2. Орчуулга-жолооны үнэмлэх, жолоочийн лавлагаа: 20,000
  3. Хилээр орж гарсан нь үнэн гэсэн тодорхойлолт: 2,000
  4. Эрүүл мэндийн үзлэг: 6,000
  5. Бичгийн шалгалт: 10,000
  6. Англиар үнэмлэхээ хэвлүүлэх: 10,000 (энгийн жолооны үнэмлэх нь 8,000 вон)
  7. Цээж зураг — (газар бүр өөр үнэтэй тул нийт зардалд оруулсангүй)

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорх сайтнаас эсвэл лавлахаас асууна уу.

Лавлах: 1577–1120

Монгол үнэмлэхээ солихоор шийдсэн бүх хүнд амжилт хүсэе ~~~

South Korea | 2022.04

Nyamka’s instagram, facebook, youtube channel

--

--

Nyamdulam Badam
Nyamdulam Badam

Written by Nyamdulam Badam

#Christian #Books, #Movie, #Drama, #Music, #Travel, #Self-improvement, #review

No responses yet