Ном | “БОС ГЭРЭЛТ” номын тэмдэглэл
(Баярсайханы Баярмаа, 2021)
Номын нэрнээсээ авхуулаад цаанаа нэг тийм гэгээлэг, хүч өгсөн мэдрэмж төрсөн болохоор эргэлзэх зүйлгүй шууд худалдаж авсан санагдаж байна. Уншъя гэж хадгалж байсан олон номон дундаасаа бараг хамгийн түрүүнд барьж аваад уншиж эхэлсэн юм.
Яагаад ч юм цаанаа л нэг хүлээлттэй үнэхээр “Босоод Гэрэлтэх юмсан” гэсэн хүсэлтэйгээр уншиж эхлэв. Энгийн нэгэн эмэгтэйн бодит амьдралаа ний нуулгүй байгаа чигээр нь бичсэн түүх бөгөөд яг л 1980, 1990 оны Монголчуудын нийгмийг харуулж амьдралын олон зовлон нугачааг нь уншихдаа зүрх өвдөн өөрийн эрхгүй нулимс дуслуулан уншив. Тэр бүх хэцүү цагийн дараа хэрхэн эдгэрч, баяр хөөрийг мэдэрч хүчтэйгээр алхсан талаар, хэрхэн өөрийн төсөөлж ч байгаагүй гоё зүйлсийг үзэж аялсан талаар номын төгсгөл хэсэгт гардаг бөгөөд тэр үеийг уншихад ч гэсэн өөрийн эрхгүй баярлаж, нулимс дуслуулсан юм. Гуниж нэг уйлан, баярлаж нэг уйлан, хамт инээж хамт шаналан уншиж дуусгав.
Хүний амьдралын түүхийн талаар ном унших дуртай хүн байвал энэ номыг заавал уншаасай гэж санал болгож байна ~
Зовлонтой мэт санагдаж байсан өдрүүдээ жаргалтайгаар цагаан цаасан дээр хар бэхээр үг болгон хэлэх өдөр ирнэ гэж санасангүй. (p4)
Номын эхэн хэсэгт гарах дээрх үг нь шууд сэтгэлд хүрч, тэр бүх зовлонг даваад гарсан хүний амнаас гарах үг дээ гэж бодов…
Амьдрал дардан биш ч дэндүү баялаг тул талархаад баршгүй юм. (p5)
Өвөө, эмээ нарын эмх цэгцтэй амьдрал, дутагдах зүйл олон ч дутагдахгүй байгаа мэт сэтгэл дүүрэн байдал, байгаадаа талархаж амьдрах байдал зэрэг Монголд өссөн хүн бүр шууд мэдэрч, зүрхээрээ унших хэсэг…
Өвөөгийн гэх бүх юм эмх цэгцтэй. … Өмсдөг хувцас нь хүртэл гэрийн баруун урд буланд жижиг модон хайрцагт бүгд индүүдлэгтэй, жимбийтэл эвхээстэй байна. Тэр үед тог цахилгаан байхгүй юм чинь өвөө минь хувцсаа угаачихаад бүгдийг цогийн индүүгээр индүүдээд эвхээд далд хийчихнэ. (р10)
Гар утас, ухаалаг утас гэх зүйл одоогийнх шиг элбэг бус цагт утастай айлд нь бараг бөөнөөрөө очиж ярина, утастай айл нь цааргална гэж байхгүй үе хэхэ.
Тухайн байранд утастай байгаа айл нь тэр орцныхоо бүх ярих дуудлагыг хүлээн авч хол ойрыг холбож өгч яриулдаг, одоогийнхоор бол зуучлагч нар байж. Тэглээ гээд түүндээ түүртэнэ гэж үгүй. (р39)
Найз Эрдэнэ-Очир. Түүний энгийн хэрнээ, даруу, аливаад дөлгөөн, үнэнч, гуйвшгүй, цагаан сэтгэл, найз нөхөрлөлийн чин үнэнч зүрх нь гайхмаар байдаг сан. (р108)
Зарим үед ямар ч ажлыг сэтгэлээсээ, баяр хөөртэй хийвэл мэргэжилтэй эсэх үл хамаардаг мэт!
“Баярмаа эгч ээ, мэргэжилгүй хэрнээ тань шиг ингэж зүрх сэтгэлээ зориулж номын санд ажилладаг хүн олон байвал сайхан даа” гэж билээ. (p111)
Амьдралдаа итгэл найдвар өвөртлөн амьдарна гэдэг ямар чухал зүйл болох, хайраар удирдуулан, хайран дотор алхах ямар үнэ цэнэтэй зүйл болох талаар номын төгсгөл хэсэгт дурддаг. Бүх хүний амьдрал адилхан байх албагүй ч туулж буй бүх зам нь талархал дүүрэн, итгэл найдвар дотор байх үед ямар ч зовлон шаналалыг даван гарах хүч болдог мэт.
Магадгүй би Бурханыг таньж мэдээгүй байсан бол ийм өөдрөг сэтгэлээр урагш алхаж чадахгүй байсан байх гэж боддог юм. Надад итгэл найдварыг өгсөн Бурхан байгаа болохоор ямар ч зүйлийг гэрэл гэгээтэй харж чаддаг болсон. Библи дээр юунд ч бүү санаа зов. Санаа зоволтоор юуг ч шийдэх боломжгүй. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл гэж байдаг болохоор би надад тусалж байсан хүмүүст үргэлж талархдаг. (р129)
Янз бүрийн хүнтэй уулзаж тэр хүмүүсээс авсан шарх, сэтгэлийн шаналал, энэ бүгдээ эдгээхгүй бол, уучлахгүй бол өөрөө түүндээ зовж илүү хүнд замыг сонгодог мэт. Ямар ч зүйл болсон, хичнээн муухай авир, үйлдэл гаргасан уучилж чаддаг байх чадвар. Би өөрийнхөө хүчээр хийж чадахгүй зүйлээ Бурханаас тусламж гуйж Бурханы хүч чадлаар хийх…
Хадам талаасаа авсан үгийн шарх бүр сэдэрч гүтгэлгийн шархлаан болох ямар хэцүү байсан гэж санана. … Ийм гашуун хатуу түүх амьдралд минь цөөдөөгүй ч, надаас хэзээ ч урвахгүй, намайг хэзээ ч орхихгүй Нэгэн бол амьд мөнх Аврагч Бурхан гэдгийг улам илүү мэдрэхэд энэ бүхэн тус болсон. (p137)
Зарим хүмүүс Есүс Христийг харийн шашин гэж үздэг ч миний хувьд огт өөрөөр олж хардаг. Учир нь миний амьдралд байсан худал хуурмаг, заваан бүхнийг итгэлийн амьдрал минь цэвэр, үнэн болгож өөрчилсөөр байгаа билээ. (p142)
Дараах өчил нь Христэд итгэдэг хүн бүрийн өчил байх. Миний амьдралд ч гэсэн ялгаагүй төрөхөөс минь авхуулаад өдийг хүртэл ажиллаж байгаа Бурханы төлөвлөгөөнд итгэж найдаж амьдрах нь тэр чигээрээ баяр хөөр, талархал юм.
Итгэгч биш байхаас минь эхлээд миний амьдрал дээр Бурхан дэс дараалалтайгаар ажиллаж байсныг ном бичих явцдаа илүү ухаарч ойлгосон юм. (p145)
Миний амьдралын уналт болгонд Бурхан надтай хамт байж, Түүний үг намайг босгож сэргээж, гэрэл гэгээнд гаргаж байсныг мэдсэн бас мэдэрсний учир би энэхүү номоо “БОС ГЭРЭЛТ” гэж нэрлэсэн юм. Ийнхүү Бурханы яндашгүй хайр, цуцашгүй хүчээр жаргал зовлон бид гурав хамжаад л энэ амьдралыг бүтээж явна. Эрийн зууны тэртээ эш үзүүлэгч Исаиа (60:1) “Бос гэрэлт. Учир нь гэрэл чинь ирж, ЭЗЭНий алдар чиний дээр мандаж байна” гэсэн бол элч Паул (Ефес 5:14) “Нойрсогч оо сэр, үхэгсдээс бос. Христ чиний дээр гэрэлтэх болно” гэсэн. … он жилийн уртад олон хүнд хэрэг болж, гэрэл гэгээ өгөөсэй хэмээн чин сэтгэлээс хүсэмжилнэ. Эрхэм уншигч таны амьдрал эгнэгт босоо, ямагт гэрэлтэй байх болтугай. (p147)
Номын төгсгөлд гардаг үгээр энэхүү нийтлэлээ өндөрлөе.
ЭРХЭМ УНШИГЧ ТАНЫ АМЬДРАЛ ЭГНЭГТ БОСОО, ЯМАГТ ГЭРЭЛТЭЙ БАЙХ БОЛТУГАЙ.
South Korea | 2024.07
Nyamka’s instagram, facebook, youtube channel