Кино | “Inside Out 2” үзсэн тэмдэглэл

Nyamdulam Badam
4 min readJul 26, 2024

--

(Disney Pixar, 2024)

source: google.com

Эхний ангийг нь үзээд тэр үед их зүйл бодогдож бас олон юм ойлгож үнэхээр л толгой дотор ийм юм болдог байх даа гэж бодож байсансан. Хоёрдугаар анги нь хэзээ гарах бол гэсэн нууцхан хүлээлттэй байж байтал ашгүй 2-р анги нь гарсан гэх мэдээ дуулдаж яаран байж очиж үзсэн юм. Хэт өндөр хүлээлттэй байвал бас сэтгэл дундуур гарч ирэх магадлалтай болохоор хүлээлтээ хойш нь тавиад юу болох бол хэмээн гэгэлзэн эхлүүлэв.

Эхний анги дээр гарсан үндсэн таван сэтгэл хөдлөл болох БАЯР ХӨӨР(joy), ГУНИГ(sadness), УУР ХИЛЭН(angry), АЙДАС(fear), ЗЭВҮҮЦЭЛ(disgust) тэрэн дундаас миний нүдэнд хамгийн хөөрхөн харагдах БАЯР ХӨӨР, ГУНИГ хоёр. ГУНИГ-ийг яаж ингэж хөөрхөн дүрсэлдэг байнаа хэмээх бодол өөрийн эрхгүй төрж, маш их хайр хүрч байв. Амьдралд байнга жаргалтай байна гэж байхгүй болохоор гунигтай сэтгэл хөдлөлөө ч гэсэн хайрлаж сурж байгаагийн илрэл нь энэ юм болов уу хихи.

source: google.com
  1. ЗААВАЛ ҮЗЭЭРЭЙ — Ганцаараа, гэр бүлээрээ, найзуудаараа

Орон орны сэтгэл зүйч нарын заавал онцолж буй энэхүү киног хүүхэд гэлтгүй том хүмүүс ч гэсэн маш их үзэж, томчууд нь их уйлж гарч ирж байгаа талаар сонссон байх. АМЬДРАЛДАА ЗААВАЛ ҮЗЭХ ЁСТОЙ КИНОНЫ НЭГ гэж би ч гэсэн онцолмоор байна. Хүүхдүүддээ заавал үзүүлж, сэтгэгдэлийг нь сонсонгоо киноны талаар ярилцаад үзээсэй гэж хүсч байна.

source: google.com (банталт, сэтгэл түгшил, атаархал, уйтгар)

2. ШИНЭ СЭТГЭЛ ХӨДЛӨЛҮҮД — Сэтгэл түгшил, Атаархал, Банталт, Уйтгар гуниг

Дээрх зурган дээр энэхүү анги дээр шинээр нэмэгдсэн 4 сэтгэл хөдлөл харагдаж байна. Үнэхээр хүн нас явахаар янз бүрийн сэтгэл хөдлөлийг мэдэрч, зөвхөн баяр жаргал, уйтгар гунигаас өөр сэтгэл хөдлөлийг мэдрэх үед эхэндээ яахаа мэдэхгүй байснаа аяндаа тэр сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаг бас байгаа чигээр нь хүлээн зөвшөөрч сурдаг мэт.

Ялангуяа өсвөр насан дээрээ, эсвэл их сургуульд орох үед СЭТГЭЛ ТҮГШИЛ их нэмэгдэж, бүх бодол санаа тэр сэтгэл хөдлөлөөр дүүрч, яахаа мэдэхээ больж гунигт автдаг даа гэсэн бодол их төрсөн.

3. БАЯР ХӨӨРӨӨ АЛДАХ & ЭРГЭН ОЛЖ АВАХ

“Хүн нас явах тусам баяр хөөрөө алддаг”

Баяр хөөр ийнхүү хэлдэг бөгөөд энэ үг шууд л сэтгэлд орж ирж, энэ үгтэй маш их санал нийлсэн юм. Амьдралын янз бүрийн үйл явдал, нөхцөл байдал дунд баяр хөөрөө алдах үе их гардаг. Тэр бүгдэд баяр хөөрөө эргүүлэн олж авах нь бас нэгэн даалгавар мэт. Бас баяр хөөрөө алдахгүйн төлөө хичээх хэрэгтэй гэж ч бодоод амжив. Баяр хөөргүй амьдарна гэвэл ямар уйтгартай, ямар сөрөг хэцүү байх бол тийм ээ. Тэгэхээр ямар ч үед, ямар ч нөхцөл байдалд баяр хөөрөө алдахгүйн төлөө үргэлж өөртөө сануулж, жижиг том гэлтгүй байгаа зүйлдээ талархаж эхэлвэл тэр үед дахин баяр хөөртэй болдог байх.

4. СОНИРХОЛТОЙ БАРИМТ

Гол дүрийн охины сэтгэл хөдлөлийг нь БАЯР ХӨӨР удирдаж байсан бол, аавынх нь сэтгэл хөдлөлийг УУР ХИЛЭН, ээжийнх нь сэтгэл хөдлөлийг ГУНИГ удирдаж байгааг харж болно. Кино үзэж байхдаа би нэг их анзаараагүй ч үзэж дууссаны өөр сэтгэгдэлүүд харж байгаад мэдсэн юм.

Бас нэгэн сонирхолтой баримт нь аав ээжийн сэтгэл хөдлөлүүд нь ширээн дээр сууж байгаа бол гол дүрийн охины сэтгэл хөдлөлүүд нь үргэлж зогсоогоороо байгааг харж болно. Тэр хэмжээгээрээ аав ээжийн сэтгэл хөдлөл нь тайван байгааг харж болох бөгөөд охины сэтгэл хөдлөл хараахан төлөвшөөгүй их сандралтай байгааг харж болно.

source: google.com — Аавын сэтгэл хөдлөл
source: google.com — Ээжийн сэтгэл хөдлөл

Охины сэтгэл хөдлөл… Шинэ сэтгэл хөдлөл дундаас БАНТАЛТ-н дүр нь их хөөрхөн санагдсан. Цаанаа нэг тийм хайр татам. ❤

Олон мэдрэмжийн талаар харуулсан үнэхээр гоё кино болсон байсан ч яагаад ХАЙР байхгүй юм бол гэж бодогдож (хайр гэхээр зөвхөн эрэгтэй эмэгтэй хүний хайр бус Бурханы, аав ээжийн, найз нөхдийн, ахан дүүсийн, хосуудын гэх мэт олон төрлийн хайр бий шүү дээ), бас сэтгэл хөдлөл дунд зөвхөн БАЯР ХӨӨР л эерэг сэтгэл хөдлөл байгааг харж жоохон ганцаардсан мэдрэмж төрж өөр эерэг сэтгэл хөдлөлүүд ч гэсэн гарч ирээсэй гэсэн битүүхэн бодол төрөв.

Ямар ч байсан үнэхээр гоё кино болохоор заавал үзээрэй гэж дахин санал болгож байна. Хараахан үзээгүй хүмүүстээ spoil хийхгүйн тулд нэлээн хичээсэн болохоор хэрвээ киноны талаар бараг мэдчихлээ гэж бодож байвал эндүүрсэн байна шүү. Энд бичигдээгүй олон зүйлийг үзэж байж мэдэж ойлгох болно гэж хэлмээр байна.

Үзсэний дараа төрсөн мэдрэмжээ энд бас хуваалцаарай ~ 😄

South Korea | 2024.07

Nyamka’s instagram, facebook, youtube channel

--

--

Nyamdulam Badam
Nyamdulam Badam

Written by Nyamdulam Badam

#Christian #Books, #Movie, #Drama, #Music, #Travel, #Self-improvement, #review

No responses yet