TOPIK-т хэрхэн бэлдэх вэ?
(ТОПИК-н бүх хэсэгт бэлдэх)
Өмнө нь ТОПИК өгөхдөө бэлдэж байсан туршлага дээрээ тулгуурлан хэд хэдэн аргын талаар энэ нийтлэлд дурдах болно. Өмнө оруулсан “Солонгос хэл сайн сурах 10 арга” гэсэн нийтлэлтэй зарим аргууд нь адилхан байгаа ч энэхүү нийтлэл дээрээ арай нарийн, дэлгэрэнгүй бичихийг зорьсон болно ^-^
- ТОПИК-н сайтнаас шалгалтанд бэлдэх.
(доогуур зураастай ТОПИК гэсэн үгэн дээр дарвал шууд тест хийж үзэх боломжтой сайт руу нь холбогдоно)
ТОПИК-н албан ёсны сайтан дээр өмнөх бүх шалгалтын материалууд байдаг тул тухайн материалыг татаж аваад доод тал нь 5-н удаагийн шалгалтын материал дээр ажиллавал ямар үгнүүд их байдаг, ямар салбарын талаар их гардаг гэх мэтчилэн шалгалтын талаар арай дөртэй болох тул ЗААВАЛ өмнөх тестүүд дээр ажиллаж үзээрэй. Болж өгвөл цагаа яг тааруулаад шалгалт өгч байгаа юм шиг хийж үзвэл сайн ч цаг зав хүрэлцэхгүй байвал зүгээр бүх тестэн дээр нь ажиллаж үзэхийг зөвлөж байна.
2. Уншихаа сайжруулахын тулд минутаар уншаад үзэх — ном унш, нийтлэл унш
Минутаар уншаад үз. Минутанд хэдэн үг уншиж байна гэдгээ тооцож өөрийнхөө хэр хурдан уншиж ойлгож байна гэдгээ шалгаж байгаад унших шалгалтандаа бэлдсэн нь маш үр дүнтэй. Нэг бүрчлэн үгэн дээрээ тогтож харж унших биш гүйлгэж уншиж сурсан хүн унших дээр хурдан уншиж, бас хурдан ойлгодог болно.
7 хоногт 3 удаа ч юмуу, өдөр нэг ч юмуу нийтлэл уншаад тэрнийхээ бүх үгийг нь цээжилвэл та 16 цаг драма үзсэнээс илүү их үг цээжилнэ гэж бодож байна. Гэхдээ драма үзээд дэмий гэж хэлээгүй шүү хэх. Драма үзэх, кино үзэх нь мэдээж сонсгол сайжрахад их тус болно. Ном нийтлэл их уншиж, унших чадвараа сайжруул л гэж сануулж байгаа юм.
3. Үгийн сангаа баяжуулахад — ном унш
Үгийн сангаа сайжруулах хамгийн төгс арга бол Солонгос хэлээр ном унших. Ямар ном уншихаа мэдэхгүй байвал Солонгосын номын сангуудад зурган ном их байдаг, бас нэг талдаа зурагтай нэг талдаа богинохон өгүүллэг шиг ном ч их байдаг. Тийм төрлийн номноос авхуулаад уран зохиолын ном, хүний амьдралын талаарх ном гээд өөрт аль болох хөнгөхөн төрлийн ном сонгоод уншвал их урамтай байх болно. Дараах гурван ном санал болгож байна. 1) 읽어보시집, 2) 다 내려놓고 싶은 날, 3) 100 인생 그림책 ; Энэ гурван ном гурвуулаа өгүүлбэр нь богино бас хажуудаа тухайн өгүүллэгийн хэсэгтэйгээ холбогдолтой зурагтай номнууд юм.
Дээрх номнууд дээр Солонгосоор байгаа хэсгүүдийг коммент хэсэгт орчуулаад бичээрэй ~ хэх
3. Сонсголоо сайжруулах
Драма үз, кино үз. Энэнээс илүү 예능(entertainment нэвтрүүлэг) үз. Таны үзэж байгаа драмаг 1.5 дахин хурдлуулсан юм шиг л болно. Хадмалыг нь харалгүй сонсоод ойлгодог болвол та сонсох дээрээ асуудалгүй өндөр оноо авна.
Сонсгол дээрээ 100 оноо авч чадах эсэхээ шалгахыг хүсвэл youtube-с ямар ч хамаагүй Солонгос бичлэг тавиад 1.5 юмуу 2 дахин хурдлуулсан байдлаар сонсоод ойлгож байвал ТА СОНСОХ АСУУЛТАН ДЭЭР АСУУДАЛГҮЙ БҮТЭН ОНООГОО АВНА ГЭДГИЙГ БАТТАЙ хэлэх байна.
4. Хэддүгээр шатны оноо авмаар байна?
Намайг анх ТОПИК өгч байхад 1, 2 нь “анхан шат”, 3, 4 нь “дунд шат”, 5, 6 нь “дээд шат” гэж гурван өөр түвшинд тус тусад нь шалгалт өгдөг байлаа. Анх Солонгос хэл дөнгөж үзэж эхэлж байхад сургууль дээр зуны сургалтын хөтөлбөр эхэлж АНУ-д сурдаг Солонгос оюутнууд(багш нар) ирж Англи хэл, Солонгос хэл, компьютерийн хичээл заасан юм. Тэр үед манай Солонгос хэлний багш үнэхээр үнэн сэтгэлээсээ маш сайн зааж өгсөн болохоор би Солонгос хэлэнд илүү их дуртай болсон гэж боддог. Намайг анхан шат юм чинь чадахгүй байх гэж гололгүйгээр, над руу мэйлээр гүнзгий шатны (5,6-р түвшин) материалыг явуулж өгсөн юм. Би дөнгөж а, б-тэйгээ байхад энэ хүнд юмыг чадахгүй гэж хэлэхэд “Чи чаднаа!! Хэзээ нэгэн өдөр чи гүнзгий шатны шалгалт өгнө, энэ тестүүд дээр ажиллана, тэгэхээр Солонгос хэл сайн суръя гэж бодож байвал энэ материалыг одооноос ажиллаж эхэлвэл чиний чадвар хурдан хугацаанд сайжирна” гэсэн юм. Багшийнхаа үгийг дагаж тэр материал дээр ажиллахаар болж анх тэр материалыг нээж үзэхэд шууд эхний үгнээсээ л бүгдийг нь нэгд нэгэнгүй орчуулж, орчуулснаа улаанаар алаг эрээн юм болгосон санагджийна. Хичээл дууссаны дараа үдээс хойш багш дээрээ очиж мэдэхгүй дүрмүүдээ Солонгосоор нь тайлбарлуулж, хоорондоо төстэй дүрмийн ялгаа нь яг юу юм гэж багшийгаа(багшийн маань мэргэжил нь эдийн засагч байсан юм) их шалгааж сандаргадаг байж билээ. Тэгэхээр өөрийнхөө түвшинээс ахиулж бэлдэх нь илүү өндөр оноо авахад тусална.
5. Шууд гүнзгий шатанд өгөөд үз
Сургуульд ороход зайлшгүй анхан түвшний хэлний оноо шаардлагатай биш бол анхан шатны шалгалт өгөөд дэмий гэж би боддог. Угийн хэлний оноо өгнө гэж байгаа бол шахаж сайн бэлдээд гүнзгий шатанд шууд өгч 3 авсан нь анхан шатанд өгөөд 2 авснаас дээр шүү дээ. Харин гүнзгий шатанд өгөх гэж байгаа анхан шатны хүмүүс минь бага оноо авсан ч сэтгэлээр унахгүй байх БЭЛТГЭЛ-ээ сайн бэлдээрэй :)
6. YalliYalli.com сайтаар дамжуулан тест бөглөж үзэх
Тухайн сайт нь ТОПИК-н асуулттай төстэй тестүүдийг яг шалгалт өгч байгаа юм шиг бөглөж үзэх боломжтой ба танд тохирсон багш санал болгох, ТОПИК-н оноо авахын тулд хэр их цаг зарцуулж бэлдэх хэрэгтэй байна гэх мэт танд хэрэгтэй мэдээллүүд өгөх болно. Бүх тестийг нь үнэгүй бөглөх боломжтой учраас хэр их тест бөглөж үзнэ тэр хэрээрээ та сайжирна.
За энэ удаагийн нийтлэл энд хүргээд өндөрлөе. Дараа удахгүй “бичих” тал дээрээ яаж бэлдэх талаар нийтлэл оруулах болно. Тэр болтол та бүхэн нийтлэл таалагдсан бол шэйрлэж, бусад найзууддаа илгээж, clap дарахаа бас мартав ~
Бүх ТОПИК өгөх гэж байгаа хүмүүстээ амжилт хүсэе!! энэ нийтлэл, энэхүү аргууд танд тус болсон бол сэтгэгдэл үлдээгээрэй ~~~
South Korea | 2021.10
Nyamka’s instagram, facebook, youtube channel