Ном | “Боорцог ба сарнай” номын сэтгэгдэл
(Ч. Ганжавхлан, 2019)
Хэдээн жилийн өмнө тус зохиогчийн нийтлэлийг фэйсбүүкээс санамсаргүй байдлаар олж хараад шөнөжингөө нийтлэлүүдийг нь уншиж байсан санагддаг юм. Нийтлэлүүдийг нь уншаад хэлэх юмсан гэж бодож явдаг зүйлсийг өмнөөс минь уран яруугаар найруулан дотор онгойтол бичсэнийг уншиж түүнээс хойш фэйсбүүк, инстаграм дээр дагаж хийж буй зүйлсийг нь их сонирхож дэмжих болсон билээ.
Түүний хийж буй ажлыг нь Монголд мэдэхгүй хүн ховор бизээ. “Ид шидийн орон 1,2”, “Лантуун дохио ТББ”, “Халуун сэтгэл сайн үйлсийн аян” гэх мэт хийсэн зүйлсийг нь тоочоод байвал барагдахгүй. Анх нийтлэлүүдийг нь уншиж дагаж байхдаа улс төрд орох байх даа гэж бодож байснаа нуух юун. Харин тэгтэл юун улс төрд орох нэг нийтлэл дээрээ “хүмүүс намайг улс төрийн шоу хийж байна, улс төрд орохын тулд ард түмнээс оноо авах гээд байна гэж ярьцгаадаг. Харин би яг одоо хэлье би улс төрд орохгүй!” гэж эрс шулуухан хэлснийг тод санаж байна. Гэхдээ л миний бодлоор өөрийн эрх ашиг, хэдэн төгрөгний төлөө энэ улсыг золиосолж, мөлжиж байгаа хэдэн хүний оронд зохиолч ах шиг шижигнэсэн залуучууд байвал шал өөр болно доо гэж бодогддог юм. Улс төрд орохоор болвол ард урд хаалга, хавчиг шахалт гээд л бас бөөн юм болдог байх л даа. Гэхдээ л …
За тэр яахав, номны сэтгэгдэл рүүгээ орьё. Нэлээн эртнээс л авч уншина даа гэж бодож явсаар байгаад энэ удаа Монгол очихдоо зорин байж авсан номнуудын нэг билээ. Бусад авсан номнуудаасаа хамгийн түрүүнд уншсан юм. Номны хувьд зохиолч маань өөрийн өмнө нь бичиж байсан тэмдэглэлээ нэгтгээд гаргасан бөгөөд фэйсбүүк дээрээс уншиж байсан нь нийтлэл нь ч бас мэр сэр байна лээ.
- Гадаадад амьдарч буй Монголчуудад
Гадаадад амьдарч буй бүхий л насны Монгол залуус заавал уншвал их л зүйлийг бодогдуулж, гадаад дахь амьдралд нь бага ч болов гэрэл гэгээ нэмж, юуны төлөө яах гэж гадаадад амьдраад байгаа гэдэг шалтгаанаа дахин хэд хэдэн удаа бодогдуулах болно гэдэгт итгэлтэй байна. Мөн Монгол дахь бидний тэр бүр мэддэггүй амьдралын талаар ч гэсэн их харуулсан учраас Монголын нийгмээ бүр мартан амьдрах биш байнга чих тавин чагнаж, санаа зовж, Монголынхоо төлөө байнга зүрхээ цохилуулаасай гэсэн мэссэжийг өгнө.
Чамд гэж бичсэн захиа шүү, ах нь амжилттай яваад ахыгаа олж чадвал заавал нэг уулзаарай. Яг гурван удаа би чамд туслая, тэр миний бэлэг байх болно.
Үл таних ах Ч. Ганжавхлан (Цаасан шувуу)
Ходоод хоосон ч хүзүүндээ diamond-той, гадаа хүйтэн ч сэтгэлтэй галтай Монголчууд минь өдрийг сайхан өнгөрөөгөөрэй, зовсон ч нэг өдөр, жаргасан ч нэг л өдөр, энэ өдрийг хэрхэн өнгөрөөх нь таны сэтгэл санаагаа хэрхэн удирдахаас л шалтгаална.
Гадаа цас орсоор л …. (Монголд цас их гоё ордог)
Хүүхэддээ сайхан амьдрал эд хөрөнгө үлдээх гэж насаараа зүтгэжээ, бүр сөхөрч унатлаа зүтгэж, гэтэл хүүхдээ хайрлахаа мартчихаж. (Жүжиг-1)
2. Эд хөрөнгө & баян ядуугийн ялгаа
Монгол хүмүүс их материаллаг эд зүйлд дуртай билээ. Нэх л үнэтэй бренд, нэх л үнэтэй булга шуб нтр гээл. Дундаж цалин ядаж 1сая төгрөг ч хүрэхтэй үгүйтэй байхад л нэгэнтэйгээ өмссөн зүүснээрээ уралдана. Адилхан эдэлж хэрэглэхгүй бол хол хоцорч хаягдсан мэдрэмж төрнө нтр гэнэ… Ухаанаараа илүү байхад л болоо ш дээ. Эд материалд ухаан, сэтгэл санаагаа хүлүүлэх биш, ухаанаараа эд материалыг хүлж амьдрах хэрэгтэй гэдэг талаар энэ номон дээр цухасхан дурдаад өнгөрдөг ч маш тод бөгөөд тодорхой гоё хэлж өгсөн юм.
Эд хөрөнгөөр баярхана гэдэг нь үнэндээ өөрийнх нь нэр хүнд, үнэт зүйл хангалттай биш болохоор эд бараагаар түүнийгээ орлуулах гэсэн ядмагхан оролдлого шүү дээ. … Та бусдаас хамааралгүй амьдаръя гэвэл мэргэшсэн мэргэжлээ бусдыг гуйтал нь эзэмшээрэй, гэхдээ тэр мэргэжилдээ заавал дуртай байгаарай, битгий бусдыг гуйлгачилж хэн ч биш хүмүүсийн өмнө бөхөлзөж байгаарай.
Тостой цуйванд дургүй л бол дургүй ш дээ, дарга чинь “Сайхан тос даасан амттай цуйван” гэж хэлснийх нь төлөө хүчээр тэрийг зажлах хэрэггүй ш дээ. (Мөнгө рүү хэлээ гаргасан нь)
Юу ч хийсэн чам руу угаадас цацах юм байна. Тэгвэл зүгээр л сайхан угаадас цацуулж сур, сайхан байна аа гээд л зогсоод бай, битгий уурлаж бухимдаж хэрүүл хийж, энэ тэрүүгээр давхи, тэгвэл бүр муухай үнэртэй болчихдог юм, аяндаа чи угаадастай найз болно, бүр дургүй хүргэвэл хааяа эргүүлээд жинтэй ганц түмпэн цацчихдаг ч болно. (Угаадас)
Миний бодлоор хүн өөрөө л сэтгэл зүрхээ удирдаж чадвал “Баян ядуу хоёрын ялгаа ч үнэндээ маш өчүүхэн зүйл” юм. Гэхдээ идэх хоолгүйгээсээ болоод хүн өлбөрж үхэж байгаа Африкийн орнуудад энэ үг бол тохиромжгүй байх л даа. (Миний нүдээр тэдний амьдрал)
3. Залууст хандаж хэлсэн үгс.
Сониуч, мөрөөдөмтгий бай. Ямар ч хүсэл зорилгогүй, хийх дуртай юм дургүй юмаа ч олж чадаагүй бол түүнийгээ ол, түүнийхээ дараа том мөрөөдсөн зүйлдээ хүрч чадахгүй юмаа гэхэд арай багийг нь биелүүлэх гээд хичээ гэдэг талаар номон дээр маш энгийн бөгөөд тодорхой хэлж өгсөн. Мөн интернэтэд Монгол хэл дээрх контентууд маш бага билээ. Контент гэхээр зөвхөн youtube бичлэг, влог гэж ойлгох биш адаглаад наад зах нь нийтлэлүүд шүү дээ. Та өөрийнхөө ертөнцийг танилцуулаад, өөрийн өнөөдөр сурсан зүйлс, өчигдөр хийсэн зүйлс, ойлгосон зүйлс гэх мэт тэмдэглэлүүдээ бусадтай хуваалцах юм бол Монголын контент их болж, хэзээ нэгэн цагт хэн нэгэнд тэр үг тань, тэр тэмдэглэл тань хэрэг болно гэдэгт итгэж байна. Энэ ном ч мөн өөрөө цагийг зүгээр өнгөрөөж суугаагүй тасралтгүйгээр бичсэн тэмдэглэлээс төрөн гарсан ном болохоор танд гэж хэлэхэд бичээд, хуваалцаарай гэж захимаар байна. Би ч бас дараа нь харахад дурсамжтай, бас хэзээ нэгэн өдөр хэн нэгэнд хэрэг болох байх гэж бодоод ийнхүү нийтлэл бичиж эхлэхээр шийдсэн юм.
Номон дээр бас гадаадад ажиллаж, суралцаж буй оюутнуудыг ядаж нэг ганц цаас зөвлөмж бичээд дараагийн ирэх оюутнуудад үлдээ гэдэг талаар гардаг. Үнэхээр хэрэгтэй зүйл шүү. Тэгж нэгэндээ зөвлөж, өөрийн туулаад гарсан замаа дараагийн туулах хүндээ алдаа оноог нь хэлж өгнө гэдэг бол маш их цаг хугацаа, хөдөлмөр, санхүүг хэмнэнэ. Магадгүй дараагийн хүн нь тэрхүү зөвлөмжийг аваад өмнөх хүнээсээ илүү ихээр сурч, илүү сайн боловсорч Монголын мундаг боловсон хүчин хэд хэдээр нэмэгдэх болно шүү дээ.
Англид очиж үзнэ гэж мөрөөддөг бол Хонг Конг ороод үзчих, Las Vegas бүтэхгүй бол Макаод эхлээд оччих, Нью Ёоркд очно гэж мөрөөддөг бол Шанхайд очоод үзчих, Сингапур, Малайз дундад азиар аялах төлөвлөгөө чинь бүтээгүй бол Шиа мэн ч юмуу урд нутгийн аль нэг далайн эргийн хотод очоод үзчихэд л хангалттай. (Run Mongols Run!!!)
Өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй улс гүрэнд амжилттай ажиллаж, од болон гялалзаж яваа олон Монголчууд бий. Би тэднийг бусад Монголчууддаа ч гэсэн тийм замд хүрэхэд туслаасай, блог бичээсэй, ном гаргаасай гэж боддог. (Монгол улсын элчин сайдын яаман дээр тавьсан илтгэл)
4. Монгол улс хөгжихгүй байна!
Ямар шалтгаанаас болоод хөгжихгүй байгааг бодитоор элдэв чимэггүй хэлж өгдөг. Үүнийг даван туулах аргыг ч мөн тодорхой хэлж өгдөг. Залуус сэтгэлгээний ядуурлаасаа гарч, шударгаар ажиллаж, хөдөлмөрлөж, мэдлэг боловсрол эзэмшиж байж энэ бүх зүйл дуусна.
Монгол улс хөгжихгүй байна, хөгжих боломж нь байгаа ч хөгжихгүй байна, нэг бол албаар хүмүүсийг сэтгэлгээний ядууралд унаган өөрсдөө урт удаан өндөр сэнтийгээс луйвар, дээрэм хийхийг хүссэн хүмүүс олон байх шиг байна. (Монгол улс хөгжихгүй байна-2)
Ядуу буурай ард түмнийгээ улайм цайм доромжилж, мэдэхгүй болоод мэдлэггүй бас мэдлэг олохыг хүсээд ч тэр боломж нь олдоогүй тэр л нийгмийн олонхи болсон энгийн болоод мөрөөрөө хүмүүсийг “Тэнэг Масс” гэж нэрлэж гутаана. Гэхдээ яг л тиймийг нь ашиглан, үнэндээ тэдний л ачаар эрх мэдлийг гартаа авсан мөртлөө эргээд нүүр рүү нь нулимж, гэргийг нь шал арчуулж, эхийг нь гудамжинд мөлхүүлж, таван цаасны өмнө сөхрүүлж, … (Чихтэй бүхэн сонсоцгоо)
5. ГЭРЛИЙГ АСАА, ТЭГВЭЛ ХАРАНХУЙ АРИЛНА!
Монголын нийгэмд буй хамгийн эмзэг асуудал. Хүүхдийн хүчирхийлэл, хүний наймаа, биеэ үнэлэх… Энэ бүгдийн талаар маш тодорхой гардаг. Хүний наймааны хохирогчид хамаг амьдрал, аз жаргалаа алдаж бие махбодь сэтгэл санаагаар хохирчихоод яагаад чимээгүй байхад хүргэдэг, хүүхдийн хүчирхийлэл Монголд ямар байгаа талаар… Энэ бүхнийг яагаад харсан ч хараагүй царайлж, сонссон ч сонсоогүй царайлна вэ. Яаж арилгах вэ? Хэн хийх вэ?
Би, та, бид бүгд хийх ёстой. Хамгийн наад зах нь ядаж хар нийгмийг улам хар болгож байгаа хар бараан мэдээг түгээж, тараахаа ЗОГСОО!!! Нийгэм ямар масстай байна, хувь хүн дагаж тийм болдог. Нэг хүний өөрчлөлт нийгмийг тэр чигт нь аварна. Бүгдээрээ хичээцгээе, байгаа газар бүртээ эерэг байя! Буруу зүйлийн өмнө буруу гэж хэлэх зоригтой байя! Сайныг үйлдэхдээ зүрхшээхгүй байцгаая! Тэгж байж гэмээнэ энэ Монгол минь бага багаар хөгжинө.
Хүн алсан хүнийг найздаа сонирхуулж бүү ярь, ард түмний халааснаас хулгай хийсэн өөдгүй хүмүүсийг хаа газар сурталчилж бүү гүй, өглөөний сонины нүүрэн дээр онц ноцтой гэмт хэргийн талаар бүү нийтлэ, угаас саарал нийгмийг улам хараар битгий будаач, өнөөдөр бидэнд гэрэл хэрэгтэй байна. Муу муухайг бүү тэвч, бас бүү сурталчил. Гэрэл томрох тусам сүүдэр аяндаа багасна, бас тодорно. (Гэрлийг томсго! Тэгвэл сүүдэр багасна)
Монгол улс мандан бадрах болтугай!
South Korea | 2020.04.12
Nyamka’s instagram, facebook, youtube channel